top of page

INTERVIEW 

Цэндийн

Ган-Эрдэнэ

“Урланд зочилъё”  булангийн маань энэ удаагийн зочиноор Герман улсад уран бүтээлээ туурвин, сүүлийн 20 жил Германд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа Монгол уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ уригдан, урлагийн амьдрал уран бүтээлийнхээ талаар дотно яриаг өрнүүллээ. Бидний ярилцлага онлайн хэлбэрээр явагдсан хэдий ч бүтэн цаг гаруй хугауаанд Германы урлагийн зах зээл, худалдан авагчид, урлаг сонирхогчид мөн уран бүтээлчийн маань урлаг дах амьдралын талаар олон зүйлсийг ярилцаж амжсан юм. 

 

Танигдаагүй урлаг дахь “Усны тусгал”

 

Ярилцлагын хамгийн эхэнд таныг хэрхэн уран бүтээлч болсон талаар, мөн уран бүтээлч байхын тулд гаргаж байдаг золиосын талаар өнөөдрийг хүртэл хэрхэн өөрийгөө бий болгосон тухайгаа хуваалцана уу?   Золиос гэж тодотгож байгаа нь бусад хүмүүс уран бүтээлчдийг, зураачдыг зүгээр л дуртай зүйлээ хийгэд, огт зовохгүй, зураг нь өөрөө зарагдаад л байдаг мэтээр хардаг нь цөөнгүй. Гэтэл уран бүтээлч байхын тулд нэг талаараа асар их золиосыг гаргаж байдаг, урлагтаа үнэнч өөрөөрөө байна гэдэг тун амаргүй зүйл. Энэ талаар таны бодол?

2001 онд ДУДС ийг төгсөөд, тэр жилээ мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах гэж Германд ирж байсан. Тухайн үед манай герман багш “ Уран бүтээлийг харахад сайхан боловч хийхэд хэцүү” гэж хэлж байсан юм. Яг энэ үгийн цаад нарийн агуулгыг өнөөдрийг хүртэлх хугацаанд уран бүтээлээрээ амьдрахдаа гүн гүнзгий ойлгосон. Зөвхөн уран бүтээлээрээ амьдрана гэдэг асар их тэвчээрийг шаарддаг. Анх энд ирээд эхний гурван жил хамгийн хүнд үе байсан. Эндэхийн Академи манай Дүрслэхийн сургуулийн системээс тэс ондоо. Намайг ДУДС д Ц.Нарангэрэл багшийн ангид сурч байхад орос суурьтай, сонгодог хэв маягийн бидэнд хэвшүүлсэн байж. Гэтэл германд анх ирээд би яг хаана ирчихэв ээ, энд ирэх хэрэг байж уу л гэж бодсон. Эхэн үедээ би эндэхийн системийг огт ойлгохгүй байсан. Аажим аажмаар хүн аливаа газар, өөр улсад амьдарч байгаа бол тухайн газрынхаа соёл, урлаг болон нийгмийн тогтолцоог маш сайн ойлгож, судлах хэрэгтэйг ойлгосон. Хэрвээ хүн өөрийгөө “Би энд гадны хүн” гэсэн өнцгөөс харсаар байвал хэзээ ч эндэхийн хүмүүс шиг сэтгэж чадахгүй. Германд академид сурахад миний хувьд хамгийн их өгөөжтэй  байсан зүйл нь урлагийн түүхийн хичээл, шинжлэх ухааны холбогдолтой семинарууд, шүүмж лекцүүд байсан. Энэ нь цаашдаа бүтээл хийхэд маань их нөлөөлсөн. Товчхондоо гэвэл би монголд сурсан сургуулиасаа мастер ажиллагааг харин германаас тархиа яаж ажиллуулах, хэрхэн бүтээлийн концепци боловсруулахыг сурсан. Техник, арга барил маань зөвхөн миний туслах материал, хамгийн гол нь сэтгэхүй.

 

Таньд болимоор санагдаж байсан үе бий юу? 

Байлгүй яахав / инээв /   яг ид оюутан байх үед охин маань төрсөн. Эхнэр маань бас оюутан, гадаадад хоёулаа оюутан тэгээд нялх хүүхэдтэй байхад санхүүгийн хувьд нэлээн хүнд байсан. Тухайн үед оюутан болохоор бүтээлээрээ амьдрах боложгүй байсан. Өөр өөр ажил хийж байрныхаа түрээсийг төлж, гэр бүлээ авч явдаг байсан. Энэ нь бусад хүмүүст ч ялгаагүй тохиолддог байдаг л асуудал. Хэцүү үеүүд байсан хэдий ч хар багаасаа зураг зурж, зураач л болно гэж хүсч, тэмүүлсээр даваад л гарсан. 

 

Уран бүтээлчдэд дор хаяж эхний 15 жил тэр чигтээ сорилт гэж бодогддог, Өөрийн гэсэн арга барилаа олж авах, тодорхой түвшинд хүрч түүгээрээ үнэлэгдэх гээд л...Харин Таны хувьд? 

 

Уран бүтээлч хүнд хамгийн чухал зүйл бол үнэлэмж. Бүтээлийг нь нийгэмд үнэлж байгаа үнэлэмж маш чухал. Миний бодлоор уран бүтээлч хүн олон төрлөөр туурвиж, олон янзын туршилтуудыг хийх гэхээсээ илүү ерөөсөө л нэг зүйл дээр төвлөрөх, түүнийгээ тууштай урт хугацаанд хийж, түүндээ үнэнч байж чадсан уран бүтээлчийг нийгэм өөрөө үнэлээд гаргаад ирдэг. 

 Яг энэ тал дээр манай монголд артистууд маань сайн ойлгохгүй байгаа ажиглагддаг. Мэдээж ойлгочихсон, бүтээлээ туурвиад нийгэмд үнэлэгдээд үнэ цэнийг бий болгож байгаа артистууд байгаа. Гэхдээ цөөхөн. Миний ажигласнаар нэг чиглэлээр дөнгөж учираа олж эхлээд л үргэлжлүүлэх бус орхиод дахиад дараагийн шинэ зүйлийг эрж хайгаад эхэлдэг, энэ нь асар их цаг хугацааг алдахаас гадна Identity буюу манайхаар Ондоошил гээд байгаа зүйлээ бий болгож чаддаггүй. 

Миний бодлоор энэ нь хэтэрхий эдийн засаг харсантай холбоотой болов уу. Гэхдээ энэ бол миний л бодол. Яг л хийдэг зүйлээ хийгэд л байх нь чухал. Өнгөц харахад нэг л зүйлээ хийгээд байгаа мэт цаанаа анатомийг нь судлаад байгаа хэрэг. Зөвхөн хүнээр төсөөлөөд бодоход нэг хүнийг бүтээгээд байна л гэсэн үг. Нэг л зүйлийг хийгээд байгаа мэт боловч тухайн зүйлийг асар олон талаас нь бүтээж байгаа.    

 

Таны Германд очоод гаргасан анхны үзэсгэлэнгийн талаар?

Анхны үзэсгэлэн маань их гоё болж байсан. Анх Мюнстер хотод ирээд 2 жил болж байсан. Энд байдаг Сараа гэж эгчийн маань хамт ажилладаг герман найз нь гэрийнхээ гаднах цэцэрлэгт үзэсгэлэн гаргах санал тавьж байсан.  Зүгээр л гадаа, айлын цэцэрлэгт, мольберт дээр зургуудаа тавьчихсан их энгийн үзэсгэлэн болсон. Тэр маань надад гоё дурсамж үлдээсэн. Тухайн үед миний ажилууд их хурц өнгөтэй, одоогийн ажлуудаас мааны их өөр байж. Монгол уран бүтээлч гэдэг өнцгөөс нь ирсэн зочид их сонирхож байсан. Ягаад гэвэл цөөхөн байдаг учраас. Монголын урлагийг энд танигдаагүй урлаг гэж ярьдаг. 

 

Танд германд хамтарч ажилладаг галерей болон куратор эсвэл арт диллер мэдээж байгаа байх. Хэр урт хугауаанд хамтарч, ямар зарчимаар ажилладаг вэ?

 Энд ихэвчлэн агент гэж хэлдэг. Надад хамтран ажиллах санал тавьсан галерейст / агент / тайгаа 20 жил магадгүй 30 жил, аль болох урт хугацаанд хамтарч ажиллахыг илүүд үздэг. Германд нийт нэг сая хоёр зуун мянган уран бүтээлч бий. Үүнд хөгжимчид, бүжигчид, зураачид гээд бүгд багтаж байгаа.  Үүнээс 130 мянгаад нь дүрслэх урлагийн салбарт ажиллаж байна. Эдгээрээс зөвхөн 10% нь уран бүтээлээрээ амьдардаг. Миний хувьд зөвхөн уран бүтээлээрээ амьдардаг, үүндээ баяртай байдаг / инээв / .

 

Зөвхөн бүтээлээ туурвиад амьдрахад таньд ямар давуу талууд бий болдог вэ?

Артист байна гэдэг зөвхөн бүтээл хийгээд зогсохгүй бүх л тал дээр ажиллах хэрэгтэй. Энд артистууд нэг хүний хувиараа эрхлэх аж ахуй гэсэн татварын бүртгэлтэй байдаг. Зарсан бүтээл бүрээсээ улсад 7% ийн татвар төлдөг. Мөн жилийн нийт орлогоосоо шалтгаалаад тодорхой хэмжээний цалингийн татвар төлдөг.  

 

Германд ерөнхийдөө бүтээлийн ямар үнэлгээний системтэй байдаг вэ?

Фактор үнэлгээ гэж бий. Энд ерөнхийдөө их дэлгэрсэн. Хэмжээгээр үнэлдэг гэж хэлж болно. Өргөнийг өндөртэй нь нэмээд үржүүлж нэг үнэлгээ гаргадаг. Мэдээж үүн дээр тухайн бүтээлд зарцуулсан хугацаа, техник, арга ажиллагаа, тухайн бүтээлийн онцлог гээд зүйлсийг харгалзан үзнэ. Фактор үнэлгээг ерөнхий суурь гэж ойлгодог. Бүтээлийн үнэлгээнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг бас нэг зүйл нь уран бүтээлч тухайн концепц дээрээ хэр урт хугацаанд ажиллаж байгаа вэ гэдэг нь их чухал. Худалдан авагчид үүнийг харгалзан үзэж худалдан авалт хийдэг. Үнэлгээ бол зураачийн урлан дээр ч галерей дээр ч яг ижилхэн. Нэг л үнэлгээгээрээ байдаг. Энд хамтран ажилладаг түнш, байгууллага, куратор, галерейнхаа үйл ажиллагааг хүндэлж, харилцан итгэлцэл дээр хамтран ажилладаг. Тийм учраас галерей дахь болон урлан дахь үнэлгээ яг ижил байх нь чухал. 

 

Монголд уран бүтээлчид галерейнуудтай хамтран ажиллахад ямар төрлийн гэрээ хийснээсээ шалтгаалаад зарагдсан бүтээлээс авах ашгийн хувь нь 30-50% байдаг. Харин германд галерей нь 50% ийн commission буюу хувь хүртэж байгаа тохиолдолд уран бүтээлчид ямар нөхцөлүүд бий болдог вэ?

50% ийн гэрээтэй тохиодолд уран бүтээлчээс нэг цент ч гарахгүй. Тухайн галерей үзэсгэлэнтэй холбоотой бүх зардлыг гаргана. Энд бол зураачид нь галерейн зааланд түрээс төлнө гэсэн ойлголт байдаггүй. Ийм нөхцөлөөр ажиллавал ирээдүй байхгүй. Уран бүтээлчид нь өөрдөө галерейгаа сонгоод, зааланд түрээс төлж үзэсгэлэн гаргадагийг хэлж байна л даа. 

Таны хувьд хамгийн уртдаа хэдэн жил арт агенттай ажилласан бэ? 

10 жил. Би  Мюнстер хотод удаан амьдарч байна. Тэр талаасаа ч тэр мөн ойлолцож биенээ дэмжиж хамтарч ажилладаг талаасаа ч энэ ходтоо байдаг галерейтай удаан хугацаанд ажиллаж байгаа. Энд урлагт дуртай, уран бүтээлчдийг дэмжиж, бүтээл худалдаж авах сонирхолтой хүмүүс маш их бий. 50км ийн радиус дотор нэг л галерей байдаг. Энэ нь эндэхийн бичигдээгүй хууль. Гэхдээ үүнд бүх хүмүүс хүндэтгэлтэй ханддаг. Галерей нь нэг талаасаа бизнесийн байгууллага ч нөгөөтэйгүүр уран бүтээлчдийг дэмжиж, гаргаж ирж, хөл дээр нь зогсоход тусладаг байгууллага. 

 

Таны ярианаас соносоход та монголд сургуулиа төгсөөд шууд харь нутгийг зорьсон, эх орондоо бүтээлээ туурвиж артистаараа огт амьдраагүй юм байна. Хойшид эх орондоо бүтээлээ туурвиж амьдрах бодол, төлөвлөгөө байгаа юу? 

Мэдээж бодолгүй яахав. Гэхдээ уран бүтээлч хүн ялангуяа өсч яваа үе дээрээ байхдаа хаана урлаг ид буцалж байна, тийм л газар байх хэрэгтэй. Миний хувьд би ид хийдэг, тархи ажилладаг насан дээрээ байна. Тиймээс урлаг байдаг, ойлгодог, хүлээж авдаг тэр л халуун цэг дээр нь ажиллаж амьдарч, бүтээх нь олон давуу талтай. Би германд суурин амьдардаг хэдий ч яг германд байдаг сарууд нь харьцангуй цөөхөн. Жил бүр 2 сарыг монголд өнгөрөөдөг, бас өөр өөр улсуудруу хоёр гурван сараар аялах нь олонтаа. Үндсэндээ жилийн 6 сар нь л германд байдаг.   

 

Kовид-19 өвчин гарсанаас хойш Германд урлагийн бүтээлийн худалдан авалтанд хэрхэн нөлөөлсөн бэ?

Үзэсгэлэнгүүд бол огт гарахгүй болсон, одоо л дөнгөж буцаад үзэсгэлэн арга хэмжээнүүд зохион байгуулах боломжтой болж эхэлж байна. Цуглуулагч нар маань харин ч бүр зорьж ирж бүтээл худалдаж авах нь нэмэгдсэн. Үүнд их талархалтай байгаа. 15 жилийн өмнөөс оюутан байхаас л намайг гээд өдий хүртэл бүтээлүүдийг минь үнэлж, худалдаж авдаг клиентүүд байдаг. Тэдгээр хүмүүс зорин ирж чи яаж байна, гайгүй юу гээд бүтээл худалдаж авч байгаа. Энд уран бүтээлчдийг өндрөөр үнэлж, хүлээж авдаг. Нийгэмд яг л хоол хүнс шиг хэрэгтэй болчихсон. Нийгэм нь өөрөө ийм түвшинд хүртэл нь хөгжүүлчихсэн. 

 

Урлагийн зах зээл нь том, худалдан авагчид болон нийгэм нь урлаг болон уран бүтээлчдийг өндөр түвшинд хүлээж авдаг, урлагийн менежментийн нарийн системтэй бөгөөд бүтээл худалдаж авах нь нийгмийн хариуцлагын хүрээнд гэж ухамсарладаг нийгэмд амьдарч, туурвиж байгаа уран бүтээлч Ган-Эрдэнэ таны хувьд өнөөгийн манай монголын уран бүтээлчдэд байгаа давуу тал нь юу вэ?  Таны сүүлийн 20 жил амьдарч байгаа нийгэм өнөөгийн Монголын нийгэм хоёрын хооронд ялгаа ихээхэн байгаа.  Энэ тал дээр таны хувийн бодол?

  Манай монгол уран бүтээлчид маш чадварлаг. Бидэнд үндсэн бодлого л чухал хэрэгтэй. Гэхдээ энэ нь заавал улсаас гаргаж байгаа бодлого биш.  Жишээ нь германд Соёлын нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбоо гэж бий. Үүнд нийт найман нэгдсэн холбоо байдаг. Үүн дотроо мэдээж хөгжим, бүжиг бас багтдаг. Дүрслэхийн урлагийн салбараа хариуцсан нь дүрслэх урлагийн зөвлөл гэх зэрэг. Эдгээр салбар зөвлөл нь нэгдсэн журмаар үзэсгэлэн зохион байгуулах, санхүүгийн тал дээр уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Үүнээс үзэхэд дэг журамтай, системтэй хөдлөхөд өөрсдийн урлагийг хөгжүүлж, гадаадад хүчтэй гаргаж ирэх боломжтой. Урлагийн салбарт сиситем нь нэгдсэн журмаар ажиллаж чадах нь чухал.  Германд хот болгон өөрийн гэсэн урлагийн холбоотой, 

Урлагийн зөвлөлтэй байдаг. Гэхдээ заавал улсын биш хувийн байгууллага ч байж болдог. Харин олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Мөн үзэсгэлэн багадаа 30 хоног дэлгэгддэг. Гэвч манай монголд түүнээс бага хугацаанд үзэсгэлэн гардаг. Энэ нь төдийлөн үр дүн багатай байдаг.  Үзэсгэлэнгийн гол зорилго нь цөөн хэдэн цуглуулагчид үзүүлээд бүтээлүүдээ борлуулах бус олон хүмүүст хүргэхэд байдаг. Тэр дундаа нийгмийн дундажаас доод давхрагын хүмүүсийн хамруулж, үзүүлэх нь урт хугацаандаа нийгэм болон үзэгчдийг бэлдэх чухал зүйл болдог. 

Уран бүтээлч байна гэдэг нь зөвхөн бүтээлээ хийгээд л урландаа суух бус өөр олон зүйлийг шаарддаг. Хүмүүстэй харилцах харилцаанаас өгсүүлээд татварын талын мэдлэгтэй байх шаардлагатай. Татварын хуулиа сайн мэддэг байх тун чухал. Үүнээс гадна танилын хүрээгээ тэлж, харилцаагаа өргөжүүлж, өмнөх харилцагчидтайгаа харилцаагаа бататгаж байх нь мөн л чухал. Ерөнхийдөө нэг жижиг компани шүү дээ. Бүх зүйлийг бодож боловсруулж дэс дараатайгаар хийдэг.  

 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд уран бүтээлээ тасралтгүй туурвихдаа таны хамгийн ихээр ойлгож авсан зүйл юу вэ? Ирэх 10 жилийн хугацаанд Ган-Эрдэнэ гэдэг уран бүтээлч ямар байна гэсэн төсөөлөл байгаа вэ?

 

Энэ бол хамгийн чухал сэдвүүдийн нэг. Мэдээж уран бүтээлч хүн бүр үргэлж өсч, хөгжиж байхыг эрмэлздэг. Миний хувьд 2 жилээр бүх ажилаа төлөвлөдөг. 2022 он, 2023 оны үзэсгэлэнгүүд ерөнхийдөө төлөвлөгдчихсөн. Гэхдээ уран бүтээлчийн карьер хурдтай өсөхөөсөө илүүтэй удаан, шат шатаар аажмаар дээшлэх нь илүү бат бөх гэж үздэг.  Би яг энэ зарчмыг баримталдаг. Мэдээж 50,60,70 насандаа нэг тийм байна даа гэсэн алсын төлөвлөгөө бодол байгаа, гэхдээ хурдан хугацааны өсөлт амжилтыг бол төдийлөн хүсдэггүй. Ялангуяа бүтээлийн үнэлгээний тал дээр нягт хандах хэрэгтэй. Гэнэт бүтээлийн үнэлгээ хэт өссөнөөс болж өөрийн клиентүүдийг алдах тохиолдол их бий. Ийм байдлаас болж унасан уран бүтээлчдийн бодит жишээ ч байдаг. Тиймээс энэ тал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. 

 

Өнөөдрийг хүртэл уран бүтээлч талаасаа та өөртөө юуг олж авсан бэ? Мөн та өнгөрсөн 20 жилийн хугацаанд германд биш монголд байсан бол ямар байх байсан талаар бодож үзэж байсан уу?

 

Би 2010 оноос хойш идэвхитэй бүтээлээ хийж байна. Энэ хугацаанд үнэхээр бүтээлдээ л үнэнч байх юм байна гэдгээ л сайн ойлгосон. Бүтээл гэдэг нь өөрийн гэсэн амьдрах орчинтой өөрийн гэсэн ертөнц. Би бол дамжуулагч. Бүтээл маань надаар дамжин бүтээгдэж, бусдад хүрч байдаг. Үүндээ би хүндэтгэлтэй байх нь чухал гэж үздэг. Би мөнгө олъё гэж бүтээл хийвэл энэ нь бүтээл болж чадахгүй. Уран бүтээлч хүнд өгөгдөл цаанаасаа байдаг. Энэ бол бэлэг, тэр болгон бас ирээд байдаг зүйл биш. Үүнийхээ өмнө би маш их хариуцлагатай байхыг сүүлийн 10 жилд идэвхитэй бүтээл хийхдээ сурч, ойлгож авсан. 

Цаг зав гарган Арт Код-той илэн далангүй ярилцсан уран бүтээлч Ган-Эрдэнэ таньд баярлалаа. Таны уран бүтээлд амжилтийн дээдийг хүсье...

 

Ярилцсан:

Тэмүгэ.Э

bottom of page